Газар хөдлөлт бол хамгийн олон эрсдэлийг дагуулдаг гамшиг байдаг. Иймд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллах нэгдсэн дадлага, сургуулийн хүрээнд нийслэлийн иргэд, олон нийтийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сургаж бэлтгэх, бэлэн байдлыг хангуулах иргэдийн оролцоо хариуцлагыг дээшлүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллах нэгдсэн дадлага сургууль боллоо.
Тодруулбал Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын дагуу жил бүрийн 3 сарын 4 дэх долоо хоногийн пүрэв гарагт улс орон даяар гамшгийн аюулын зарлан мэдээлэх дуут дохиогоор ажилладаг. Үүний дагуу өнөөдөр 16:00 цагт зарлан мэдээллийн дуут дохио дуугарч дүүргийн нутгийн захиргааны болон төрийн захиргааны 30 байгууллагын 300 гаруй төрийн албан хаагчид Онцгой байдлын байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу дадлага, сургуульд хамрагдлаа. Уг сургуулиар газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлж, гамшгийн үеийн дуут дохио дуугарсан үед авах хариу арга хэмжээний талаарх мэдлэгээ бататгалаа.